Миний сонирхол төдийгүй амьдралын минь салшгүй нэгэн хэсэг бол дижитал гэрэл зургийн аппарат (камер) юм. Дэвшилтэт технологийн эрин зуунд хүчин чадал (фокуслах чадвар, пиксель, мэдрэх чадвар) сайтай мэргэжлийн камерууд голын урсгал мэт урсан гарах болжээ. Урьд өмнө бид урт хугацаа зарцуулан камерын талаарх мэдлэгт суралцаж байсан бол одоо үед нас, хүйс, мэргэжил харгалзахгүй сонирхсон хүн бүр өөрсдийн мэдлэгийн цар хүрээг тэлж, сайн камертай ажиллах нөхцөл боломж бүрджээ. Ертөнцийн нууцлагдмал бусдын харж амжаагүй үйл явдлуудыг өөрийн нүдээр нээн харж яг тэр агшныг гэрэл зурагт буулгах нь сайн камераар зогсохгүй тухайн хүнээс өндөр ур чадвар шаардагдах “хэцүү” ажлын нэг билээ. Зураг дарах ба сайн зургийн ялгаа нь онцгой өвөрмөцийн асуудал юм.

Америкийн алдартай гэрэл зурагчин Philip Perkis тэрээр “Гэрэл зураг нь амьдралд суралцах нэгэн хэв маяг юм” хэмээн хэлсэн байдаг. Гэрэл зургаар дамжуулан бид амьдралын талаарх гүнзгий ойлголтыг ойлгох арга барилд суралцана гэсэн үг юм.  Ертөнцийн дүр төрхийг камерын дуранд буулгаж буй нь цаашлаад хүн төрөлхтөний амьдралыг дэлхий ертөнцтэй холбон өгч буй харилцаа холбоо юм.

Гэрэл зурагт хариулт гэж байхгүй. Хүн бүр гэрэл зургийг өөр өөрийн өнцгөөс хардаг учраас өөрт тань таалагдсан зураг бусад хүнд сөрөг сэтгэгдэл төрүүлж болох юм.

Сэтгэл татсан гэрэл зургаа мэргэжлийн түвшинд дарахын тулд тухайн хүнээс байнгын дасгал сургуулилт шаардагдана. Digital single lens reflex camera (DSLR) нь анхан дунд шатны мэдлэгтэй гэрэл зураг сонирхогчидод зориулагдсан энгийн техник, тохиргоо, заавартай орчин үеийн анхдагч камер бөгөөд сайн гэрэл зураг дарах нь камеринхаа тохиргоог тааруулах арга барил эзэмшихээс эхлэлтэй. Ямар тохиргоон дээр гэрэл зургийг дарах техникт суралцсанаар өөрийн хүссэн зургийг мэргэжлийн түвшинд гэрэл зургийн хальснаа буулгах боломж бүрдэнэ.

Гэрэл зураг нь цаг хугацааг зогсоогч түүхийн нэгэн том баримт билээ. Гэрэл зураг нь бидний сэтгэл, нүд, гар, камераар дамжин хүмүүст хүрч тэр мөчөөс гэрэл зургууд нь түүх болон үлдэж, түүхийн эдгээр баримтууд нь үзэгчдийг дахин энэ зүг чиг, цаг хугацаа руу чиглүүлэх болно.

Гэрэл зураг нь урлаг бөгөөд урлаг нь бүтээл юм. Сайн бүтээл гаргахын тулд бусдын бүтээлийг шимтэн сонирхож тэднээс үлгэр дууриал, гэрэл зургийн талаар анхдагч ойлголтыг аваад өөрийн бүтээлдээ тусгах хэрэгтэй. Гэрэл зураг нь маш олон хүмүүсийн сонирхол, мэргэжил болжээ. Тэдний дотроос шинэлэг содон, олны таашаалд нийцсэн бүтээл гаргахын тулд хувь хүнээс нөр их хөдөлмөр шаардагдах нь дамжиггүй.

Энэхүү фото блог нь олон сайн гэрэл зурагчдын зураг тэдний  туршлага зөвлөмжөөр бүтсэн бөгөөд  гэрэл зураг сонирхогч та бүхэндээ гэрэл зургийн талаарх  мэдлэгээсээ хуваалцахыг хүссэн билээ. Номондоо гэрэл зураг сонирхогчдын хувийн арга барил сонирхлоороо дарсан сонирхолтой маш олон гэрэл зургийг багтаасан бөгөөд та бүхэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү фото блогыг гаргахад гүн туслалцаа үзүүлж өөрсдийн гэрэл зургаа илгээсэн гэрэл зураг сонирхогч, зураг.мн сайтын нийтлэгч залуусдаа талархаж байгаагаа илэрхийлье!

Гэрэл зураг цаг хугацааг зогсоож түүхийг өгүүлнэ.

Б. Ганзориг